Хэрэв ингэж үйл хэргээ шинжилж үзээд нэг ч сөрөг, шvvмжлvvштэй зүйлтэй таараагүй бол хувь хүний хувьд өсөн дэвжихээ больжээ гэж бодох хэрэгтэй. Харин энэ бол хамгийн том нүгэл.
Хүний бие махбодь нь өвчин эмгэгийн шинж тэмдэгээр биднийг буруу үйлдэл хийж байгааг анхааруулсан дохио өгдөг бөгөөд үүнийг таньж мэдэх аргыг бид боловсруулсан юм. Энэ тун энгийн арга бөгөөд зүгээр л өөрийн бүх үйлдэл, үйл хэрэг, санааг тоочих хэрэгтэй. Ингэж тоочих үед бие махбодийг хамгийн их зовоож байгаа зүйлийг хэлэхэд өвчний шинж тэмдэг сулрах байдлаар дохио өгдөг. Өөрөөр хэлвэл буруу хийсэн үйлдлийг хэлэх үед таны бие махбодийг чинь зовоож байгааг өвчний шинж тэмдэг суларч, тайвширна. Ингэж бие махбодитойгоо ярьсан нэг жишээг сонирхоцгооё.
Миний удирдлаган дор ажиллаж байсан нэг хүн эзэмшсэн мэргэжил болон хувь хүний хувьд нэлээд өсөн дэвшиж амжилтанд хүрсэн юм. Гэтэл цаашид хувь хүний хувьд өсөн дэвшихэд нь шаардлагатай нөхцөл тухайн үед ажиллаж байсан албан газарт нь байхгүй байгааг ойлгожээ. Өөрт нь шаардлагатай тоног төхөөрөмж байхгүй, байлгая гэсэн ч авах хөрөнгө мөнгөгүй байсан хэрэг. Ийм нөхцөлд энэ хүн шууд л ажлаасаа гарах хэрэгтэй байв. Гэтэл тэр албан газартаа олон жил ажилласан, өөр газар ажиллаж үзээгүй байжээ. Дээр нь хамт олон нь түүнд маш хүндэтгэлтэй ханддагаас гадна түр хүлээж, тэвчихийг гуйжээ. Энэ хооронд түүнд өөр газруудаас ажиллах урилга ирж байжээ. Энэ мэтээр ахиад дөрвөн жил өнгөрөв. Энэ хооронд энэ түүний зүрхнийх нь хэмнэл алдагдах шинж тэмдэг анх илрэх болсон байна. Үүнийгээ тэр онц тоолгүй хуучин газартаа үргэлжлүүлэн ажилласаар байв. Гэтэл зүрхнийх нь хэм алдагдал нь улам ихсэх болжээ. Улмаар боломж байхгүйгээс болж судалгаагаа цаашид үргэлжлүүлэх боломжгүйгээс үүдсэн сэтгэлийнхээ шаналлыг дарахын тулд олон нийтийн ажил г.м. хэнд ч хэрэггүй олон ажлыг хийх болов. Гэтэл зүрхний хэм алдагдлынх нь тоо улам бүр нэмэгдсээр л байж. Тэгсээр гурван жилийн дараа энэ хүн надад ахин хандсан юм.Би түүнд хандан энэ хугацаанд өөрийнхөө хийсэн болон хийх гэсэн боловч хийгээгүй бүх санаа, үйлдлээ тоочихыг санал болголоо. Тэгтэл ажлаасаа гарахыг хүсч байсан тухайгаа дурдмагц нь зүрхнийх нь хэм алдагдлынх нь тоо эрс багасаад ирсэн. Гэвч мань хүн цаашид ч “гүрийхээр” шийдсэн юм. Тэгмэгц л зүрхний хэм алдагдлынх нь тоо ахиад эрс нэмэгдээд эхэлсэн.
Хэдэн өдөр бодсоны эцэст халагдах өргөдлөө бичээд удирдлагадаа өгмөгц зүрхнийх нь хэм алдагдлууд нь тэр даруй алга болчихсон. Мэдээж хуучин албан газар нь түүнийг үлдээч гэж зөндөө гуйсан ч мань хүн зөвшөөрөөгүй. Учир нь цаашид ийм нөхцөлд ажиллах боломжгүй гэдгээ ойлгосон хэрэг. Ажлаасаа гарч, өөр илүү таатай нөхцөлтэй ажилд орж чадсан нь мэдээж. Өөр газар очоод хэрэгжүүлэхээр бодож, санаж байсан бүхнээ амжилттай хэрэгжүүлж чадсан. Зүрхний хэм алдагдал нь ч ор мөргүй алга болсон нь эмчлэгч эмчийг нь маш ихээх гайхуулсан байсан. Одоо ч гэсэн энэ хүн зүрхний хэм алдагдал г.м. элдэв зовиургүйгээр сайн ажиллаж байгаа.
Өвчин ороогоод эхэлбэл үйл хэргээ шинж. Өөрөөр хэлбэл үйл хэрэг, сэтгэл зүй, бие махбодь салшгүй холбоотой.
М.Е.Литвакийн “Эр бэлгийн эсийн зарчим” номноос.